2018 онд 10 өрхийн эмнэлэг шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-25 15:17:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2017 онд Эрүүл мэндийн салбарт хийсэн тохижилтын ажлуудаас танилцуулав. Тохижилт ногоон байгууламжийг нэмэх, сул шороон хөрс бүхий газрын эзлэх хувийг бууруулах, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, орц гарцыг нээж түгжрэлийг бууруулах зорилгоор ГССҮТ, СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, П.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлуудын хүрээнд 5800 м2 сул шороон хөрс бүхий газрыг ногоон байгууламж бий болгож, 812 метр урт, 7 метр өргөн авто зам, 2 талаараа явган хүний замтай, зүүн талаараа 42 ширхэг явган замын гэрэлтүүлэгтэй, 190 авто машины зогсоол, борооны ус зайлуулах инженерийн шугам, 6 цэгт сүүдрэвч бүхий амралтын талбайг бий болгосныг дуулгав.
Үүний дараа нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулав. Жилээс жилд нийслэлд томоохон асуудал болоод байгаа томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн ор, эмч нарын хүрэлцээ зэрэг тулгамдаад байгаа шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлаар талууд санал бодлоо солилцлоо. Нийслэлийн зүгээс хүүхдийн орны асуудлыг боломж бололцоогоороо газар хүүхэд хэвтдэг байсныг шийдвэрлэсэн, зарим нэгэн эмнэлгүүд ачааллаасаа шалтгаалан орны хүрэлцээгээ нэмэх ажлыг тухай бүрт нь авч хэрэгжүүлж, ажлын өрөөгөө хүртэл хэвтэх тасаг болгон эмчилгээ үйлчилгээ явуулж байгааг онцлов.
Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үе эхлээд байгаа бөгөөд нийслэлд 16 мянга гаруй хүүхэд эмнэлгээр эмчлүүлсэн байна. Нийслэлийн зүгээс хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт ирэх ачаалалыг багасгах, хурдан шуурхай үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд 2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 14 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулахаар төсөвлөсөн, 10 өрхийн эмнэлэг шинээр барихаар төлөвлөж буйгаа Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. Нийслэл цаашдаа ч бүтээн байгуулалтын ажилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх, эмнэлгийн тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэх, эмнэлгийн чанар үйлчилгээ тэр дундаа өрхийн эмнэлгүүдийг чанаржуулах хүүхдийн амбулаторийн шинэ барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудаар санал солилцов.

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ