Пхеньян: Биднийг цөмийн зэвсгээс татгалзуулна гэж мөрөөдөхөө АНУ болих хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-25 13:31:00
ТОКИО. /КCNA/. “Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоохгүй учир биднийг цөмийн зэвсгээс татгалзуулна гэж мөрөөдөхөө АНУ болих хэрэгтэй” гэж БНАСАУ-ын ГХЯ мэдэгдсэнийг Солонгосын төв мэдээний агентлаг /The Korean Central News Agency/ уламжлав.

БНАСАУ-ын ГХЯ-наас ням гарагт гаргасан мэдэгдэлд “АНУ-ын зүгээс ирж буй аюул заналхийллийг дарах, тус улстай хүч тэнцүү байхын тулд бид цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгох болно. Америкийн империалистуудаас тусгаар тогтнол, ард түмнийхээ амь насыг хамгаалахын тулд манай улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна. БНАСАУ АНУ-ын эх газарт хүрч цохилт өгөх хүчин чадалтай болсон гэдгийг Вашингтон ямагт санаж явах хэрэгтэй” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Хэрвээ АНУ аюулгүй оршин тогтнохыг хүсэж байгаа бол БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого баримтлахаа зогсоох хэрэгтэй. Биднийг цөмийн зэвсэггүй болгоно гэж мөрдөөхөө мөн болих хэрэгтэй” гэсэн байна.
 
Пхеньян 2.5 сарын турш нам гүм байсны эцэст өнгөрсөн сарын сүүлчээр шинэ төрлийн баллистик пуужин харвасны улмаас Солонгосын хойгийн нөхцөл байдал дахин хурцдаад байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Хвасон-15” пуужин нь 950 км зам туулж, 4475 км-ийн өндөрт хүрсэн билээ. Пхеньян мэдэгдэхдээ “Энэ пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрийн хаана нь ч хүрч цохилт өгч чадна” гэсэн юм.
 
“Хвасон-15” пуужинг харван туршсантай холбогдуулан өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнууд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталсан билээ. Уг тогтоолд тусгасанчлан, НҮБ-ын гишүүн улс орнууд тус улсад нефть, газрын тос нийлүүлэхээ хязгаарлаж, 24 сарын дотор умард солонгос ажилчдыг нутаг буцаах ёстой.
 
 Г.Доржханд
Холбоотой мэдээ