Хятадад 13 мянга гаруй цахим хуудсыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-25 13:30:52
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятад улс кибер орон зайд тавих хяналтыг чангатгах ажлынхаа хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 13 мянга гаруй цахим хуудсыг хаажээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, ням гарагт буюу өчигдөр болсон Хятадын Ардын их хурлын Байнгын хорооны уулзалтын үеэр тус улсын холбогдох албаны хүмүүс энэ тухай мэдэгдсэн байна.

Терроризм болоод садар самуунтай холбоотой мэдээллийг хууль бусаар тараадаг цахим хуудсуудыг хаах ажил 2015 оноос эхэлсэн аж. Мөн хууль бус мэдээлэл тараадаг нийгмийн сүлжээний 10 сая гаруй хаягийг өнгөрсөн гурван жилийн хугацааанд хаасан гэнэ.

Хятад улсын Засгийн газар нь бусад улсаас хууль бус мэдээлэл орж ирүүлэхгүйн тулд интернэт ертөнцөд хатуу хяналт тавьж байгаа юм.

Энэ оны зургадугаар сар “Интернэтийн аюулгүй байдлын хууль” хүчин төгөлдөр болсноос хойш тус улсын Засгийн газар хувь хүмүүсийн ухаалаг гар утсаар дамжуулж буй мэдээ мэдээлэлд мөн хяналт тавьдаг болсон байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ