ИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа гацаанд орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өнөөдөр 14:35 цагт 94,8 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч гацаанд ороод байна.
Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хуралдааны дотоод журмыг батлах асуудлыг оруулж, санал хураалгасан юм. Уг асуудлыг төлөөлөгчдийн 17 нь дэмжиж, 20 нь дэмжсэнгүй. Үүний дараа аймгийн ИТХ дахь Ардчилсан намын 15, МАН-ын 5 төлөөлөгч хуралдааны үйл ажиллагааг дэгийг баримталж явуулах, хуралдааны дэгт өөрчлөлт оруулах горимын санал гаргалаа. Тус саналыг хурлын дарга "анхдугаар хуралдаанаас баталсан дэгт хуралдааны үйл ажиллагааг журмаар зохицуулахаар заасан" хэмээн тайлбарлаж санал хураалт явуулаагүй.
Ийнхүү МАН-ын бүлгийн 17 төлөөлөгч эхлээд дотоод журмаа батлах, АН-ын бүлэг болон МАН-ын 5 төлөөлөгч хуралдааны дэгт өөрчлөлт оруулж, түүгээр зохицуулаад явах байр сууриндаа хатуу зогсон 5 цаг гаруй мэтгэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй.
Одоо хуралдааны үйл ажиллагаа түр завсарлаад байна.
Ө.Нурболат