Умард Солонгосын дахин нэг цэрэг Өмнөд Солонгост зугтаж очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-21 12:07:39
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын нэгэн цэрэг хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсээр Өмнөд Солонгост зугтаж очсон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос өнөө өглөө гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгосын “бага тушаал”-ын цэрэг өнөө өглөөний 8:04 цагийн үед Цэрэгггүй бүсийн харуулын байрнаас Өмнөд Солонгост зугтаж очжээ. Цэргийг зугтах үед өтгөн манантай байсан байна.

Умард Солонгосын талынхан цэрэг зугтсаныг эхлээд мэдээгүй байсан бололтой. Цэрэг Өмнөд Солонгост зугтаж очсоны дараа Умард Солонгосын цэргүүд түүнийг хайн хоёр Солонгосыг заагладаг хилийн зурвас орчмоор эргэлдээд байсан аж.

Үүний хариуд Өмнөд Солонгосын цэргүүд 9:30 цагийн үед тэдэнд анхааруулга өгөн 20 орчим удаа буун дуу гаргасан гэнэ.

Үүнээс бараг 40 орчим минутын дараа Умард Солонгосын талаас хэд хэдэн удаа буун дуу гарчээ.

Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, өчигдөр Умард Солонгосоос хоёр хүн Өмнөд Солонгост жижиг завиар зугтаж очсон гэнэ.

Өнгөрсөн сард Умард Солонгосын нэгэн цэрэг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгоноор дамжин Өмнөд Солонгост зугтаж очсон билээ. Энэ цэрэг нь хэд хэдэн сумны шарх авч, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан ч Өмнөд Солонгосын эмч нар яаралтай хагалгаа хийсний ачаар амь гарч, одоо биеийн байдал нь эрс сайжраад байгаа ажээ.

Энэ он гарснаас хойш Умард Солонгосоос 15 хүн, тэдний дотор дөрвөн цэрэг Өмнөд Солонгост зугтаж очоод байна. Өнгөрсөн онд нэг цэрэг, дөрвөн энгийн иргэн Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очиж байжээ.

1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очсон хүмүүсийн 30 тоо мянга гаруй болоод байгаа гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ