Ирэх оны гуравдугаар сар хүртэл бэлэн байдлыг хангахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-19 16:14:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдвар ихэссэнтэй холбогдуулан ЭМЯ-наас Дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын ахалсан хоёр Ажлын хэсэг нийслэлийн томуу томуу төст өвчний өвчлөл өндөртэй байгаа 6 дүүрэгт ажиллажээ.

Ажлын хэсгүүд эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдалтай танилцаж, тулгамдсан асуудлыг  илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ХУД, ЧД, СБД, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг БГД, СХД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тус тус очиж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, Шуурхай удирдлагын хэлтэс, Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, НЭМГ-ын төлөөлөл багтжээ. Я.Буянжаргалын ахалсан баг  дүүргийн нэгдсэн эмнэлгийн  эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсадын ажлын хуваарьтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд амбулаторийн үзлэгийн цагийг уртасгах, зөвлөгөө өгөх утас ажиллуулах, нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулжээ.

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж, хүүхдийн чиглэлээр мэргэшиж байгаа эмч болон сувилагчийг  нэмэлтээр ажиллуулжээ. БГД-т Ахмад настан болоэ хүүхдийн эмнэлэгтээ 60 ор нэмж байрлуулжээ. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг орны тодорхой хэсэг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байна.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Я.Буянжаргал, амьсгалын замын халдвар ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар орж үзэв. Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдлаа. Эцэг, эхчүүд эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ өвчлөөгүй хүүхдийг хамт дагуулж ирж байна. Энэ нь халдвар авах эрсдэлийг үүсгэж байна. Цаашид өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, хүүхдүүдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлж ажиллахыг  эцэг эх, асран хамгаалагч нар болон тусламж, үйлчилгээ үзүүлэгч нарт зөвлөв.  Мөн амьсгалын замын өвчлөл  гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад зөвлөжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ