Эрчим хүчний салбар дампуурахад хүрээд байна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 13:48:03

Ховд аймгийн цахилгаан хэрэглэгчид цахилгааны үнэ өнгөрсөн оныхоос нэг дахин нэмэгдээд байна. Энэ нь  хямрал үүсгэх шалтгаан болж байгаа тухай Аймгийн засаг даргын тайлан хэлэлцэх үеэр иргэд хамгийн олон гомдол, санал тавьсан юм.

Цахилгааны үнэ яагаад нэг дахин нэмэгдэж, иргэд бухимдаад байгаа талаар Ховд аймгийн Цахилгаан Түгээх Сүлжээ компанийн менежер н.Нямжаваас тодрууллаа.

-Цахилгааны үнэ өнгөрсөн оныхоос нэг дахин нэмэгдэж, ард иргэд бухимдалтай байна.Ямар шалтгаанаар  үнэ нэмэгдсэн юм бэ?

-Эрчим хүчний салбар өөрөө олон жилийн турш алдагдалтай ажиллаж ирсэн салбар. Одоо дампуурахад хүрээд байна. Учир нь эрчим хүчний үнэ ханш чөлөөт зах зээл рүү шилжсэн. Нөгөө талаар бид ОХУ-аас 1 квт цахилгааныг 218 төгрөгөөр аваад 95 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэдэг. Ийм нөхцөл байдал үүсч Эрчим хүчний зохицуулах хороо цахилгааны үнэ нэмсэн. Зохицуулах хорооноос нэмсэн  үнээр тооцож авч байна.

Өнөөдөр хүн бүр гар утастай болсон. Сард нэг хүн гар утсаа 15,0-20,0 төгрөгөөр цэнэглэдэг. Тэгвэл өдөр бүр хэрэглэж хоол ундаа хийж, хувцас хунараа угааж, зурагт үзэж, гэрэл гэгээтэй орчинд амьдрах тав тухтай нөхцөл бүрдүүлээд байхад нэг өрх сард яагаад 15,0-20,0 төгрөг төлж болохгүй гэж. Нөгөө талаар долларын ханш өссөн.

-Цахилгааны төлбөрийг  олон жил барагдуулж чадахгүй байгууллагуудын төлбөрийг  ард иргэдээс нөхөж авч байна гээд шүүмжлээд байгаа шүү дээ?

-Тийм юм байхгүй. Засгийн газраас ч цахилгааны үнэ ханш зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон жилийн турш өртэй байгууллага бий. Тухайлбал Бадамлах дөл дулааны станц 257 сая төгрөгийн өртэй, Шим ус компани 80 сая, Эвийн хүч худалдааны төв 2013 онд байгуулагдаж, огт ажиллагаагүй 32 сая төгрөгийн өртэй байгаа. Одоо эдгээр байгууллагууд дээр нэмэгдээд аймгийн БОЭТөв эмнэлэг бас их хэмжээний өртэй болоод байна.

-Эдгээр байгууллагуудын өрийг яаж барагдуулах вэ?

-Олон жилийн турш энэ өрийн асуудал яригдаж шийдэгдэлгүй өдий хүрч ирсэн. Жишээ нь Дулааны Бадамлах дөл станц дүн өвлийн хүйтнээр орон сууц байгууллагыг хөлдөөхгүйн тулд нүүрсээ дөнгөж татаж,ажилчдынхаа цалин тавьдаг. Тэгээд л өвөл өнгөрөнгүүт хэрэглэсэн цахилгааны төлбөрөө барагдуулдаггүй. Олон жил дамжсан өртэй байгууллагуудыг шүүхэд шилжүүлээд байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ