Хатны булгийн орчимд дахин судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотын “Соёмбо” цогцолборт “Дорноговь, түүх соёлын асуудалд” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 15-нд боллоо. Энэ удаагийн хурлыг Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 90, Дорноговь аймагт архивын алба байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Музей сургалт судалгааны төвтэй хамтран зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний бага хурлаар МУБИС-ийн түүхийн тэнхмийн багш доктор Б.Баатархүү “Түүх соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж” сэдвээр, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Х.Хатанбаатар, “Боржигоны угсаа-түүхийн асуудалд” сэдвээр, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн археологич, доктор С.Өлзийбаяр, МССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал “Хатны булгийн нууц” төслийн үр дүнгээс, Лувсанданзан академийн гүйцэтгэх захирал, дэд профессор Ч.Хатанбаатар “Говийн ноён хутагт судлалын тухай”, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч, дэслэгч, түүхийн ухааны магистр О.Батцэцэг “Дорноговь аймгийн ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын 1945 оны чөлөөлөх дайнд гүйцэтгэсэн үүрэг” зэрэг сэдвээр эрдэмтэд арваад илтгэл хэлэлцүүллээ.
Археологи, угсаатны зүйн чиглэлээр хоёр дахь жилдээ Хатанбулаг сумын Хатны булаг орчим хэрэгжүүлсэн “Хатны булгийн нууц” төслийн үр дүн оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан байна. Хатны булаг орчим явуулсан археологийн судалгааны үр дүнд он цагийг нарийвчлан тогтоох ховор үнэт олдворууд гарсан бөгөөд Мин Улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг аж.
Үүнээс үзвэл Хатны булгийн тухай домог нь эрдэмтдийн судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг тогтоожээ.
Мөн эрдэмтэд Хатны булгийн орчимд ирэх жил дахин судалгаа хийхээр төлөвлөсөн аж. Эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан эрдэмтдийн бүтээлийг эмхтгэж ном болгон хэвлүүлэхээр болжээ.

Х.Эрдэнэбулган