Архангайчууд, Үндэсний лигт нэг ч хожигдолгүй тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-14 15:21:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн Үндэсний лигийн улирлын тоглолтууд талаасаа өнгөрч плей-оффын байрлалын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна.

Тухайлбал, лхагва гарагийн тоглолтуудын талаар сонирхуулахад, эхний тоглолт Төв аймаг болон Өвөрхангай аймгийн багуудын хооронд болж Өвөрхангай хожлоо. Тоглолтын өмнө Өвөрхангай аймгийн багийн ахлагч, FIBA 3x3 сагсанбөмбөгийн Азийн аварга, 21 аймгийн лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” Э.Цэрэнбаатар нурууны гэмтлийн улмаас тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ тоглолтын эхнээс л Өвөрхангай аймаг бага зэрэг илүү тоглолтыг үзүүлсээр эцсийн шүгэл дугарахад 86:74-оор Өвөрхангай аймгийн баг улирлын тав дахь ялалтаа авсан юм. Энэ өдөр багаараа маш жигд тоглолтыг үзүүлсэн Өвөрхангай аймгийн багийг 15 оноогоор Ж.Жамсрандорж тэргүүлсэн бол Т.Билгүүн 13 оноо, Г.Үлэмж болон Б.Билэгт нар 10 оноо авлаа. Харин эсрэг багаас З.Доржсүрэн 18 оноо, Д.Дэлгэрням болон Б.Дорждамба нар 16 оноо, 9 самбар, 3оновчтой дамжуулалт, Д.Мөнхтөр 13 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Хэдий энэ тоглолтонд багийн үндсэн Төвийн тоглогч байгаагүй Өвөрхангай аймаг будагтай талбайдаа 58-36-аар илүүрхсэн нь онцлох үзүүлэлт байв. Өвөрхангай аймаг тав хожиж хоёр хожигдсон амжилттай Зүүн бүсийн хоёрт бичигдсэн бол Төв аймаг дөрөв хожиж гурав хожигдсон амжилттай Баруун бүсийн гуравдугаарт бичигдлээ.


 
Хэнтий Эбэг баг энэ удаад Увс нуур багийн эсрэг тоглолт хийж Увс нуур багийн хувьд тоглолт бүрд плей-оффд орохыг зорьж байна. Үндэсний лигийн эрч хүчтэй, хурдтай залуу хоёр багийн тоглолт үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм. Тоглолтын эхнээс хоёр баг тун тэнцүү өрсөлдөж байснаар эхний хагас 45:44-өөр Увс Нуур багийн нэг онооны илүүтэй өндөрлөв. Улмаар тоглолтын гуравдугаар үед Увс нуур багийн залуусын довтолгоо супер байснаар 14 онооны илүү болсон ч Хэнтий аймгийн баг шийдвэрлэх үед сэргэлтийг авч онооны зөрүүг гурав болгож ойртуулав.

Энэ тоглолтод Увс Нуур багийн тоглогч жижиг Дандий хочит Г.Болд гайхалтай байсан юм. Тэрээр 41 оноо авч энэ улирлын хоёр дахь 40-өөс дээш оноог авлаа. Мөн Увс аймгийн багаас Ө.Мөнхбаяр 15 оноо, 12 самбар, 5 хаалт хийж дабл дабл хийсэн бөгөөд Т.Ажрахгүй, С.Лхагважав нар 10 оноог авсан. Харин эсрэг багаас Н.Шижирбат 29 оноо, Г.Ган-Эрдэнэ 18 оноо, Б.Жанчив-Од 10 оноотой тоглолтыг дуусгаж Хэнтий Эбэг баг улирлын гурав дахь ялагдлаа хүлээсэн бол Увс нуур баг плей-оффд ороход нэг алхам ойртлоо.

Үндэсний лигт нэг ч хожигдоогүй Тордайн Ариунболд эзэнтэй Архангай аймаг Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад мөн л хожигдоогүй бүсээ тэргүүлж байсан Ховд Шонхорууд багийн эсрэг тоглолтоо хийлээ. Ордон дүүрэн үзэгчид энэхүү тоглолт дээр анхаарлаа төвлөрүүлж ордон нам гүм байлаа. Тоглолтын өмнө УИХ-н гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн багаа дэмжихээр хүрэлцэн ирсэн бөгөөд 3х3 Азийн аварга Азийн аваргийн Үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн болон Азийн аварга Г.Цэнгүүнбаяр нарт тоглолтын пүүз гардуулан өгч баяр хүргэлээ.



Ингээд тоглолт эхлэхэд СТА Э.Цолмонбаяраар ахлуулсан Архангай аймгийн дэмжигчид багаа эрч хүчтэйгээр уухайлан дэмжсэн юм. Ховдчууд ч гэсэн дутахааргүй олуулаа ирсэн байв. 3х3 дэлхийн лигийн аварга О.Энхбаатар өнөөдөр 17 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Г.Баттөр 15 оноо, 7 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас Э.Дөлгөөн 14 оноо, 12 самбар, 7 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт, Г.Цэнгүүнбаяр 13 оноо, 5 самбар гүйцэтгэсэн бол О.Доржзовд, Баярсүрэн нар 12 оноо авлаа. Ийнхүү Шонхорууд анхны ялагдлаа хүлээсэн бол Архангай Алтан Дорнодын Дайчид амжилтаа үргэлжлүүлсээр байна.
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ