Ашиглалтаас гарсан 500 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл 20 мянга гаруй байдаг байна. Түүнээс 12 мянга орчим нь идэвхтэй байж, татвар төлөн оношлогоондоо орж, замын хөдөлгөөнд оролцдог аж.
Жолооч нарын хувьд оношлогоондоо цаг тухайдаа ордог ч тээврийн хэрэгслийн татвараа цаг тухайд нь төлөхгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгааг холбогдох албаныхан хэлж байна. Мөн ашиглалтаас гарсан, хөдөлгөөнд оролцолгүй олон жил болсон тээврийн хэрэгслүүдээ улсын бүртгэлээс хасуулах хэрэгтэйг ч албаныхан сануулав. Энэ онд 500 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан бөгөөд түүнээс хэд дахин их тээврийн хэрэгсэл хасагдахаар байгаа бөгөөд иргэд өөрсдөө санаачлагатай байх ёстой аж.
Сонирхуулахад, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж эхэлжээ. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсөн эсэхээ www.smartcar.mn сайтаас нягтлан үзэх боломжтой юм байна.
Б.Мөнхзул