Бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдрийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-14 11:20:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийг баталснаар бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдал сайжрах,  шинээр үүлдэр омог нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын арчилгаа маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх зэрэг боломж нөхцөл бүрдэх нь. Өөрөөр хэлбэл Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэх аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат, М.Оюунчимэг хуулийн нэршлийг монгол хэллэгээрээ нэрлээгүй байна гэсэн шүүмж хэлж байв. Генетик гэдэг олон улсын нэр томьёо хэрэглэхээсээ илүүтэй малын удмын сан эсвэл гарвал зүй, удам зүй гэсэн үгийг сонгох боломжтой байлаа гэсэн саналтай байгаагаа хэллээ.  УИХ-ын гишүүн М.Билэгт, "Өмнөх тогтолцоонд мал эмнэлгийн тогтолцоо сайн байсан. Тухайн үед мал цөөн ч 40 мянган тонн махыг гадагш гаргадаг байсан. Гэтэл одоо малын гаралтай түүхий эд, махаа хилээр гаргах нь бүү хэл иргэдээ эрүүл хүнсээр хангахад асуудалтай болжээ. Хуулийн төслийг дэмжиж байна. Малчдыг үнэмлэхтэй болгох нь зөв юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд өндөр ашиг шимтэй малыг нутагшуулах тал дээр анхаарах шаардлагатай гэлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт малын үүлдэр угсаа хэр дээшлэв, малаа бүртгэлжүүлж чадаж байна уу үгүй юу, цаашлаад малчдын орлого өссөн үү гэсэн бодит дэвшлээр хуулийн чансаа тодорхойлогдоно гэсэн байр суурьтай байв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийг баталлаа.
Б.Туул
Холбоотой мэдээ