"Икэл цогцолбор"-ын зураг төсөл бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-14 09:30:13
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 онд Ховд аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудын нэг соёл урлагийн “Икэл цогцолбор”-ын болон “Титэм" стадионы зураг төсөл бэлэн болж, аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Уг зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэсэн байна. “Икэл цогцолбор" нь 800 хүний суудалтай хурлын заал, 200 хүний суудал бүхий кино театр, уулзалтын танхим, ресторан, үйлчилгээний талбай, дугуйлан секц хичээллэх анги танхим, зочид буудал, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх олон төрлийн үйлчилгээ бүхий 9 давхар ордон баригдахаар зурагт төсөлд тусгажээ.
Ховд аймагт "Икэл цогцолбор" баригдвал олон нийтийн нийгэм соёлын хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалт болох төдийгүй үүнийг дагаад орон нутагт ажлын байр, аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зэрэг олон давуу тал бий болно гэж үзэж байна.
Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт буюу барилга байгууламж баригдаагүй бөгөөд хамгийн сүүлд спортын ордны барилга баригдсан байна. 

Энэхүү цогцолборын бэлэгдэл болсон икэл хөгжмийн ая эгшиг хөөмий, магтаалтай хавсран дэлхийд гайхуулж байгаа юм. Энэхүү хөгжмийн зэмсгийг  Баруун Монголын цөөн үндэстэн авч үлдсэн байдаг бөгөөд энэ хөгжмийн домгоос энд өгүүлье.

Эрт цагт дөрвөн ойродын Дөрөвдалай хаан Манжийн хаанд есөн есийн бэлэг хүргүүлэхдээ нэг сайн унаган морио өгчээ. Түүнээс хойш мөнөөх унаган морь нь төрсөн нутгаа мөрөөдсөөр эх нутагтаа иргэж ирэхэд буцаан аваачиж өгсөн гэнэ. Гэтэл тэр морь нь гурван удаа эргэн нутагтаа ирсэнд ард олон ч андахгүй болжээ. Ингээд хаан ард иргэддээ хандан “энэхүү морийг магтан дуулах магтаал хийгээрэй” гэсэн зарлиг буулгажээ. Тэгэхэд нь нэгэн өвгөн дөрвөлжин царыг ямааны ширээр ширлэн нарийн бүдүүн хоёр янзын хялгастай, тэр хоёр хялгасны нэгийг хар, нөгөөг нь цагаанаар хийхдээ нарийн талд нь хоёр хялгас, бүдүүн талд нь гурван ширхэг хялгас хийсэн гэнэ. Харин толгойн хэсэгт чандмань эрдэнэ сийлжээ.
Түүнээс хойш ойрадын болон монгол морины тамганд энэ чандмань дүрсийг хэрэглэх болсон гэдэг. Ингээд дархан өвгөн урласан хуур хөгжмөөрөө морины явдлыг, бүх л алхаа гишгээг дууриалган хөгжимдсөнд ноён ихэд таалан “Чи хө ядарсан морины байдлыг дүрсэл дээ” гэсэнд цаад хүн хөгжимдөн үзүүлсэнд ноён сэтгэл ихэд хөдлөн үргэлж ингэж магтан дуулж яваарай гэжээ. Түүнээс хойш Дөрвөн Ойрадын бүх айл ийнхүү икэл хөгжмөө бариад хуурдан ерөөдөг болжээ. Харин тэр хөгжмөөрөө “Дөрвөн Ойродын уриа” нэртэй татлагын аялгуунд бий бийлдэг болсон юмсанжээ. Ийнхүү Дөрвөн Ойродын дунд Икэл хөгжим үүссэн түүхтэй юм.
Ийнхүү үе дамжсан домог түүхтэй хөгжмийн зэмсгийг баруун монголын алдартай авьяастнууд хойч үедээ өвлүүлэн тээж ирсэн учир энэ хөгжмийн аялгууг алдаршуулсан авьяас билэгтнүүдэд зориулж “Икэл цогцолбор” нэртэй өв соёлын томоохон бүтээн байгууллат хийхээр Ховдчууд зорьж байгаа  юм.

                                                                                                                                                А.Бямбасүрэн
                                                                                                                                           
                                                                                                                                                          А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ