Канад 25 мянган дүрвэгч авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-18 12:24:36

ТРЕНТОН. /АА/.  Зарим мужийн захирагчид анхаарал тавьж байгаа болон Парист халдлага гарснаас үл хамааран 2015 оны эцэс хүртэл Канад 25 мянган дүрвэгч авна гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ.

Мөн “Лалын улс”-д агаарын цохилт өгч буй олон улсын эвслээс Канад гарсан ч босогчидтой тэмцэх зорилгоор тус улсын хуурай замын цэргийн тоог нэмнэ гэж Трюдо хэлсэн байна.

“Аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд гэдгийг Парисын халдлагаас өмнө канадчууд мэдэж байсан” гэж Туркт болсон “Их-20”-ийн уулзалтанд оролцсоныхоо дараа Филиппинийг зорихын өмнө Трюдо сэтгүүлчдэд хэлжээ.

“Аюулгүй байдлын асуудал чухал гэдгийг Парист халдлага болсноор  ойлгосон юм биш. Бид удаан хугацаанд үүнийг мэдэж ирсэн бөгөөд энэ хүмүүнлэгийн хямралд хариуцлагатай оролцохын хажуугаар Канадын ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах болно” гэж Жастин Трюдо тайлбарлажээ.

Агаарын цохилт өгөх ажиллагаанд Канад оролцохгүй гэж 10 дугаар сард болсон сонгуульд ялж, Ерөнхий сайд болсон Жастин Трюдо амласан юм. Сонгуульд ялснаас хойш тэрбээр анх удаагаа, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай маргааш нүүр тулан уулзах гэж байна.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ