Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2017-12-13 16:46:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардууллаа. Энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар тодорчээ. 

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулсан бөгөөд “Жил бүр уламжлал болгон олгодог Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2017 оны шагналыг гардуулах энэ мөчид уг шагналын утга агуулга, зорилгыг товч сануулахыг хүсч байна. Өнөө цагт нийгмийн амьдралын бүхий л салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлага чухлаар шаардагдах болсон. Залуу үе маань эрдэм шинжилгээ, судалгааны хүнд, хатуужил шаардсан ажилд бие сэтгэлээ зориулж, юмс үзэгдлийн учир шалтгааныг нээн илрүүлэхээр тогтвортой, шаргуу ажиллаж байгааг Төрөөс байнга анхаарч, урамшуулж байх учиртай. Шинэлэг бүхнийг урмаар тэтгэж, хийсэн судалгаа шинжилгээг нь олны анхааралд оруулж байвал амьдралд нэвтрэх, нийгмээс дэмжлэг авахад нь дөхөмтэй, тустай байх болно. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын оны шагналаар дамжуулан шинжлэх ухаан, судалгааны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн, судлаачдыг амжилтад уриалах нь энэ арга хэмжээний үндсэн утга учир юм" гэлээ. 



Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал Монгол Улсад анх удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэр, онцлогийг тодорхойлж, сүрьеэ өвчнийг молекул, биологийн түвшинд оношлох шинэ аргыг эх орондоо төдийгүй олон улсад нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн , өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй гарц, шийдлийг санал болгосон “Монгол Улсад анх эмэнд тэсвэртэй сүрьеэ нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй бээжин хэв шинжийн М.TUBERCULOSIS-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт судалгааны бүтээл туурвин Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болов.
Тэрбээр шагнал гардсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Ерөнхийлөгчийн нэрэмжит нэр хүндтэй шагналыг Анагаахын салбарын залуу судлаачдынхаа нэрийн өмнөөс хүртэж байгаадаа баяртай байна. Судалгааны ажлыг хийхэд хамтарч ажилласан бүх багш нартаа, Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхандаа баярлаж байна. Миний судалгаа Монгол, Орос, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамждаг транссибирийн төмөр замын шилжилт хөдөлгөөнийг даган хүнээс хүнд амьсгалын замаар халддаг сүрьеэ гэх өвчин тархаж байгааг илрүүлсэн судалгааны ажил юм. Өөрөөр хэлбэл сүрьеэ Монголд голомтлог хэлбэрээр тархаад зогсохгүй Орос, Хятадын хилээр шинэ төрлийн үүсгэгч орж ирж халдварлах, мөн Монголоос гадагшаа чиглэсэн тархалт байгаад анхаарал хандуулсан" гэлээ. 
 


ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах ниоби хольцолсон титаны оксидын суурьт бүхий цагаан алтан катализатор нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй анатаз фаз бүхий катализаторын материалыг синтезлэн гарган авч, уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

Тэрбээр "Шинэ материалын судалгаа буюу ус төрөгчид энергийн үүсгүүрт ашиглагддаг катализаторын материалын судалгааны үр дүнгээр энэхүү шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Физикийн өвөрмөц шинж чанартай материалыг гарган авах судалгаа маш чухал байдаг. Ингэснээр ямар нэгэн технологийн хувьд хувьсгал хийх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Судалгааг гүйцэтгэсэн удирдагчид болон хамтран ажилласан судлаачиддаа талархал илэрхийлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 



ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалсан, өмнөх үеийн судлаачдын алдаа эндэгдлийг засаж залруулах, шинэ санал дэвшүүлэх давуу талтай “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт Монголын түүхийн судалгааны сурвалж хэрэглэгдэхүүнийг өргөжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан судалгааны ажил гүйцэтгэсэн тул Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардан авав.
Тэрбээр "ХVII зууны Монгол-Оросын харилцааг судалсан эрдэмтэд ерөнхийдөө орос хэлний эх сурвалж ашиглаж судалгаа хийж байсан. Тийм учраас зарим талаар учир дутагдалтай байсныг Монголоос монгол, түвд, манж хэлний сурвалжийг ашиглан энэ харилцааны түүхийг монголчуудын талаас тодруулахаар оролдсон бүтээл маань өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд хүргэлээ.Нийт 10 гаруй жил зарцуулсан судалгааныхаа дүнд Монголчуудын эв нэгдэлгүй байдал газар нутгаа, тусгаар тогтнолоо алдахад хүргэсэн байна гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн. Санаатай болон санаандгүй байдлаар түүхэн үйл явдал гуйвуулсан байдлаар тэмдэглэгдсэн явдал элбэг байдаг. Тийм учраас үүнийг засч залруулах үүднээс энэхүү судалгааг хийсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ