УИХ-ын чуулган хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт эхэлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хориг болон Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэ оны наймдугаар сарын 11-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтад Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавиад байгаа билээ. Өчигдөр буюу энэ сарын 07-нд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдсан. Энэ үеэр УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн юм.
2014 онд Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед АН, МАН хооронд байгуулсан гэрээг цуцалсны улмаас МАН-аас томилогдсон 6 сайдыг чөлөөлсөн билээ. Энэ сарын 04-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын орон гарсан гишүүдийг нөхөн томилох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
Тус тогтоолд Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, БОНХАЖ-ын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг, БХБ-ын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулахаар тусгажээ.
Ч.Ариунболд
Сэтгэгдлүүд