Хөрөнгө оруулагчид хот, хөдөөгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-11 12:41:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарт ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Барилга, хот байгуулалтын салбарын зөвлөлдөх уулзалт” боллоо.

БХБЯ-наас Улаанбаатар хот, 21 аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран эхлүүлээд байна. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тиймээс 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд нийслэлийг төв, дунд болон захын хэсэг гэсэн гурван хэсэгт хувааж, төвлөрлийг сааруулах, захын хэсгүүдийг хөгжүүлэх талаар түлхүү тусгасан гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан уулзалтын эхэнд танилцуулав.

Тэрбээр, “Нийслэлийн төвийн бүст ихэвчлэн өндөр, томоохон барилгууд барина. Харин дундын бүст буюу гэр хорооллын 200 айл тутмын дунд “Сервис центр” байгуулж, цахилгаан, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээгээр хангана. Харин захын хэсэгт аж үйлдвэрийн парк байгуулна. Тухайлбал, Налайх дүүрэгт барилгын материалын, Эмээлтэд хөнгөн үйлдвэрийн, Багануурт аж үйлдвэрийн парк байгуулах юм.
БНХАУ-ын хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, “Сервис центр” байгуулах ажлыг зохион байгуулна. Мөн тус улсын 350 сая юаны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянгад 1000 айлын түр орон сууц барина. Түүнчлэн Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил эхэлж байна. Саяхан Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарсан. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байна. Түрээсийн орон сууц, ипотекийн зээлийн хөтөлбөр зэргийг ямар журмаар, хэрхэн үргэлжлүүлэх талаар бодлого, шийдвэр гаргахаар БХБЯ, Сангийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. 2018 он гарахаас өмнө тодорхой шийдвэр гарах болно. Мөн 21 аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил эхэлсэн. Тухайлбал, Орхон аймгийнх удахгүй ашиглалтад орох бол Дархан-Уул аймагт тендер шалгаруулах шатандаа яваа. Энэ ажлыг Азийн хөгжлийн банк (AХБ), Франц болон бусад улсын хөнгөлөлттэй зээл болон дэмжлэгээр хэрэгжүүлэх юм” гэлээ.

Мөн үеэр хөрөнгө оруулагчид Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулав. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилын корпораци Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлд ирэх таван жилийн хугацаанд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох болжээ.

Энэ талаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилын копорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, “Бид өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг 30 жилийн хугацаанд тогтвортой байлгах боломжийн талаар судалгаа явуулж, гурван төсөл хэрэгжүүлэх боллоо. Тухайлбал, “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд гүний усны худгуудын ашиглалтын нөөцийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлнэ. Мөн цэвэрлэх байгууламжийн дэргэд “Ус дахин цэвэршүүлэх үйлдвэр” байгуулна. Энэхүү үйлдвэр өдөрт цэвэрлэх байгууламжаас гарч буй 50 мянган шоо дөрвөлжин метр усыг дахин цэвэршүүлж, ДЦС III, IV- станцид нийлүүлэх юм. Ингэснээр ДЦС-ууд гүний цэвэр ус хэрэглэхээ больж, жилд 18 сая шоо дөрвөлжин метр ус хэмнэх юм. Түүнчлэн “Туул голын тэжээмжийг хиймэл аргаар нэмэгдүүлэх төсөл” байгаа. Бороо хур ихтэй улиралд ус хуримтлуулах цөөрмийг Туул голын эх орчимд байгуулна. Туул голын ус татарсан үед цөөрмөөс усыг нэмж, тэжээл болгох юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэх эцсийн шатны хэлэлцээр ирэх оны хавар дуусах төлөвтэй байна” хэмээв.
Харин АХБ-ны тухайд боловсрол, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төслүүдийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Харин ойрын жилүүдэд Улаанбаатар хот, 21 аймгийн гэр хорооллын дэд бүтэц болон ус хангамжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтаа чиглүүлж байгааг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнод Хэкман дурьдлаа.

Тухайлбал тус банк Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь болон Архангай аймгийн төвд тус бүр 3000 шоо дөрвөлжин метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 21.7 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Монгол Улсын Засгийн газар 1.74 сая  ам.доллар гаргах бол Билл Гейтсийн сан нэг сая ам.долларын буцалтгүй тусламж болгон олгох юм. Харин үлдсэн 19.43 сая ам.долларыг АХБ хөнгөлөлттэй нөхцлөөр, 25 жилийн хугацаатай зээлээр олгох аж. Төслийн удирдлага,барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөхөөр БНХАУ-ын “Изень интернэшнл” ажиллах бол туслан гүйцэтгэгчээр Монголын “Монхидро констракшн” компани шалгарчээ.  АХБ 1991 онд Монгол Улстай хамтран ажиллаж эхэслнээс хойш барилгын салбарт 312.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Зөвлөлдөх уулзалтад БХБЯ-ны удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ