Тамхины хяналтын тухай хууль үр дүнтэй хэрэгжиж байгаа гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-08 18:32:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов.

Н.Учрал гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтын хэрэгжилтийн талаар асуулга тавьсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы хуралдаанд асуулгын хариуг танилцууллаа. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалт нь сургуулийн орчин, сурагч хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгийг холбогдох газруудын мэдээллийг нэгтгэн тогтоосон байна. Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээрх хуулийн заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд олон талт ажлыг зохион байгуулсан. Хуулийн дагуу сум, дүүргийн Засаг дарга тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд 4613 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.Өнгөрөгч 7 дугаар сарын байдлаар тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий 3717 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сургууль, дотуур байрнаас 500 метрийн орчимд тамхи худалдаалахгүй байх нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тамхины худалдааны ашиг сонирхолоос хамгаалах, дам тамхидалтад өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

Тамхины хяналтын тухай хууль олон талын ач холбогдолтой, үр дүнтэй хэрэгжиж байгаа гэдгийг гишүүд тэмдэглэж байв. УИХ-ын гишүүн Н.Учрал ч мөн хуулийг сайн хууль болсон гэж үзэж буйгаа онцлоод хэрэгжилтийг нь хангах чиглэлээр шат шатандаа анхаарч ажиллах шаардлагатай. Холбогдох байгууллагын удирдлагууд ажилтнуудаасаа дүн мэдээлэл авахаасаа гадна газар дээр нь ажиллах нь зүйтэй гэлээ. Мөн хуулийн хэрэгжилтийг гуйвуулж, авлига өгөх, авах үндэслэл болж буйг тэрбээр тодотгоод “500 метр гэдэг хэмжээг бууруулан 200-100 метр болгохгүй бол төр татвараа хурааж чадахгүй, тодорхой тооны төрийн албан хаагчид авилгын сүлжээнд оруулах нөхцөл болжээ. Сонгинохайрхан дүүрэгт жижиг худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзах бүрт энэ талаар ярьж байна. Орон нутагт ч энэ асуудал хүндрэлтэй байна. Амьдрал дээр хэрэгжихгүй, тодорхой тооны хүмүүсийн авлигал авах шалтгаан болсон энэ хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.
 


Холбоотой мэдээ