Хүүхдийг хүчирхийллээс хол байх боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-07 22:30:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн сангаас "Бага насны хүүхдийн хүчирхийллээс хол байх орчинг дэмжих нь” төсөл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хувьд сумын 10 дугаар цэцэрлэг,  Богд сумын цэцэрлэгүүдэд хэрэгжиж байгаа юм.

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн  хүрээнд хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, удирдлага аргазүйгээр хангах багийг бүрдүүлж, багийг чадваржуулах, бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотноо Монголын эмэгтэйчүүдийн санд зохион байгуулжээ.
Сургалтад Баянхонгор аймгийн Боловсрол,  соёл  урлагийн газрын мэргэжилтэн Б.Оюунгэрэл, 10 дугаар цэцэрлэгийн аргазүйч Б.Болормаа, багш Н.Амарзаяа, Богд сумын цэцэрлэгийн багш С.Мөнхжаргал, Б.Мөнхмаа, “Хонгорын үрс” ТББ-ын тэргүүн Ж.Дулмаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  мэргэжилтэн Б.Батцэнгэл нар бэлтгэгджээ. Тэд Баянхонгор сумын 10,  Богд сумын цэцэрлэг дээр багш, эцэг эх, хүүхдэд зориулсан сургалтыг зохион байгуулж эхлээд байна.

Төслийн зорилго нь Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт

/хүүхэд, багш, эцэг эх/ болон олон талт оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдлэг олгох тогтолцоотой болоход чиглэжээ.
Ананда ОУБ-ын санхүүжилтээр Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” гурван жилийн хугацаатай төслийг Баянхонгор аймгаас гадна Улаанбаатар хот, Архангай,  Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэг дээр хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн эхний шатанд хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой мэдээ баримт цуглуулах, хууль эрx зүйн болоод боловсролын бичиг баримтуудад дүн шинжилгээ хийх, өнөөгийн нөхцөл байдлын үнэлэхэд чиглэгдсэн суурь судалгаа хийжээ. Судалгаагаар, цэцэрлэгийн багш болон эцэг эхчүүд хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлын ач холбогдлыг үнэлж байгаа ч энэ талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сургалт семинар хомс байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар сэтгэл зовнидог боловч хүүхэдтэйгээ энэ талаар ярьдаггүй гэж хариулжээ. Цаашлаад судалгаанд хамрагдсан багш, эцэг эхчүүд хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдгийг “бие махбодийнх”, “зөвхөн хүүхдүүд холбогддог” гэсэн өрөөсгөл ойлголттой байгаагаас гадна бие махбодийн шийтгэлийг ардын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх ёс гэж андуурах, хүүхдүүд аливаа хүчирхийллийн талаар эцэг эхдээ хэлэхэд, “хов зөөлөө” хэмээн эцэг эхчүүд тэднийг буруутгаж байгаа нь хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж, хүчирхийллийн тохиолдол цаашаа мэдээлэгдэхгүй үлдэхэд хүргэж байгааг дурджээ.

                                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ