СӨБ-ынхон туршлага судлаад иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-07 21:53:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймаг сургуулийн өмнөх боловсролын багш нараа гадны орнуудад туршлага судлуулах ажилд нэлээд анхаарал хандуулжээ. Саяхан, Бага боловсрол хариуцсан сургалтын менежер, багш нийт 28 багш ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Эрээн хотын Олон улсын дээд сургуульд уйгаржин монгол бичгийн сургалтад хамрагдсан байна.
Сургалтаар багш нарт монгол бичгийн үндсэн суурь мэдлэг, холбох эгшгийн дүрэм, ерөнхий зарчмаас сонгодог зарчимд нэгтгэн дүрэмжүүлж байгаа талаар онолын мэдлэгээ дээшлүүлжээ. Мөн компьютерт монгол бичгийн программ дээр бичих дадлага хийж сурсан төдийгүй өөрсдийн компьютерт программыг суулгаж бэлтгэн программ дээр ажиллах чадвараа сайжруулжээ.

Мөн Япон улсад зохион байгуулагдсан "Тогтвортой хөгжлийн бодлого" сэдэвт сургалтад Гурванбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэрэнханд оролцож, Кавасакий хотын сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаатай танилцан сургуулийн өмнөх боловсролын систем, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, хамтын ажиллагааны талаар туршлага судалжээ. Сургалтад оролцох замын зардлыг аймгийн Засаг даргын захирамжаар "Сайн багш" хөтөлбөрийн хүрээнд 3.1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Мөн БНСУ-д сургуулийн өмнөх боловсролын багш солилцоо хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор сумын есдүгээр цэцэрлэгийн багш Б.Хишигжаргал хамрагдаж, БНСУ-ын Сувон хотноо хүүхэд хөгжүүлэх сургалтын агуулга аргазүйн чиглэлээр “Үлэг гүрвэл” сэдвийн боловсруулалтын бяцхан гүрвэл үйл ажилагааны хүрээнд дөрвөн өдрийн сургалтыг удирдан явуулж, харилцан туршлага судлаад иржээ.

                                                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ