НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл рохинжачуудын асуудлаар тогтоол баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-06 16:37:46
ЖЕНЕВ. /Киодо/. Мьянмарт үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын эсрэг явуулсан ажиллагааг “хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бараг өөрцгүй” гэж тодорхойлсон агуулга бүхий тогтоолыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл баталжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, мягмар гарагт буюу өчигдөр Швейцарийн Женев хотноо болсон тус зөвлөлийн тусгай хуралдааны үеэр рохинжачуудын асуудлыг авч хэлэлцэж, уг тогтоолыг олонхын саналаар баталсан байна.

Уг тогтоолд “Мьянмарын баруун нутгийн Ракхайн мужид хүний эрхийг ноцтойгоор, зохион байгуулалттайгаар зөрчсөнийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл эрс зэмлэн буруушааж байна. Тус мужид “Босогчдын эсрэг ажиллагаа явуулж байна” гэх нэрийдлээр Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн болон буддын шашинтнууд энгийн номхон рохинжачуудын эсрэг хүчирхийлэл үйлдсэн. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийг нь хүчиндэж, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн нэгнийг нь хөнөөсөн” гэжээ.

Рохинжачуудын  эрхийг хамгаалахын тулд байж болох бүх арга хэмжээг авч, тэдэнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллахыг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл Мьянмарын Засгийн газарт уриалсан байна. Мөн Бангладеш руу дүрвэж очсон 620 мянга гаруй рохинжа хүнд Мьянмарт буцаж очихыг уриалжээ.

Уг тогтоолыг батлахыг гурван улс, тэдгээрийн дотор Хятад улс эсэргүүцсэн гэнэ. Энэ тогтоолын төслийг боловсруулсан Бангладешийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд рохинжачуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв арга зам бол Мьянмарын Засгийн газарт шахалт үзүүлэх юм” гэжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Мьянмарт есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 620 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладешт дүрвэж очоод байна. 
Г.Доржханд


Холбоотой мэдээ