Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд маргаан гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-06 00:19:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 4-ний өдөр хуралдаж, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг хэлэлцэж батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны Үндсэн чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 12 асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм.

Гэвч аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавих шаардлага тавьж, тэр хүртэл хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэнээр хуралдааны үйл ажиллагаа гацаанд орж, тодорхой бус хугацаагаар хойшлогдоод байлаа.

Харин аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан  "аймгийн ИТХ-ын хорин хэдэн төлөөлөгч 2018 оны төсвийг баталлаа" гэсэн мэдээлллийг өнөөдөр орой манай агентлагт өглөө. Түүнчлэн аймгийн ИТХ дахь АН-ын 16, МАН-ын 5 төлөөлөгч "аймгийн төсвийг баталсан" гэх асуудлаар Хурлын даргад мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд: "ИТХ-ын 17 төлөөлөгч хуулийг ноцтой зөрчин байж хувийн ашиг сонирхлын үүднээс аймгийн 2018 оны төсвийг баталсан явдлыг эсэргүүцэж байна" хэмээжээ.

 

Ө.Нурболат      
  
Холбоотой мэдээ