Рохинжа дүрвэгчдэд материаллаг дэмжлэг үзүүлэхийг Ромын пап уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-01 11:46:00
ДАККА. /Киодо/. Бангладешт дүрвэж очоод буй Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудад материаллаг дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Ромын пап Фрэнсис олон улсын хамтын нийгэмлэгт  уриаллаа.

Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр, Мьянмарт анхны айлчлалаа хийсэн Ромын пап пүрэв гарагт буюу өчигдөр Бангладешийн нийслэл Дакка хотод хүрэлцэн очсон байна.

Тэрбээр рохинжачуудыг хүлээн авсан Бангладешийн Засгийн газарт талархал илэрхийлэхийн сацуу “Дүрвэгчид ямар нөхцөлд амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. Энд байгаа дүрвэгчдийн олонх нь хүүхэд эмэгтэйчүүд байна. Тэдэнд материаллыг зүйлээр, тодруулбал хоол хүнс, өмсөх хувцас, орон байрны тусламж дэмжлэг үзүүлэхийг би олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” гэжээ.

Ромын пап энэ бямба гарагийг хүртэл Дакка хотод байх аж. Тэрбээр Бангладешт буй рохинжачуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ