Өмнөговь аймагт 850 хүний суудалтай театрын барилга барихаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-01 10:46:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 850 хүний суудалтай театрын барилга барих саналыг аймгийнхаа ИТХ-ын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. 
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар дэмжвэл тус аймагт 850 хүний суудалтай театрын барилгыг Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд барих юм. 
Уг барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөж байгаа бөгөөд жил дамжих энэхүү бүтээн байгуулалтыг ирэх онд 6,5 тэрбум төгрөгөөр эхний ажлуудыг хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж. 

Энэ оны эхэнд аймгийн удирдлагууд театрын үйл ажиллагаатай танилцах үеэр театрын дарга Д.Гомбосүрэн "Манай хамт олны гол зорилго шинэ барилгатай болох асуудал. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Бид дүгнэлтүүдээ аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Театрт найман настай балчраас 80 настай буурлууд ч үйлчлүүлдэг. Ер нь аль ч газрын театр төрийн өндөрлөгүүд, гадна дотны зочдоо хүлээн авч угтдаг нутгийн нүүр царай байдаг" гэж ярьж байсан юм. Тус театрын барилга нь 1959 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа их засварт оржээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ