Умард Солонгостой холбоотой асуудлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-30 11:41:40
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Умард Солонгостой холбоотой хямралыг зохицуулах Орос, Хятадын хамтарсан замын зураг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үндсэндээ бэлэн болоод байна. Хятадын эрх баригчид үүнд оролцогч талуудын дэмжлэгийг хүлээж байна гэж Хятад улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч У Хайтао өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр мэдэгджээ.

“Орос, Хятадын хамтарсан санаачлага хэрэгжиж болохуйц боллоо. Энэ санаачлага нь бүс нутагт аюулгүй байдал тогтоох, Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлыг энх тайван замаар зохицуулах зорилготой юм. Одоогоор бид оролцогч талуудын дэмжлэгийг олно гэж найдаж байна. Аюулгүйн Зөвлөл асуудлыг энх тайван, дипломат арга замаар зохицуулахад чиглэсэн цогц арга хэмжээ авахад талуудад түлхэц үзүүлж, Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдал тогтоож, үүсээд буй хүндхэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд түүхэн үүрэг хариуцлага үүрэх ёстой” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.  
 
Э. Аянзаяа


 
 



Холбоотой мэдээ