Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-17 11:55:26

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 1990 оноос хойш хүн амын хоол тэжээлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн баримт бичиг гарсан байдаг. Мөн Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд дэвшүүлсэн "1990-2015 онд хоол тэжээлийн дутлыг 6 дахин бууруулна" гэсэн зорилт биелсэн гэж Эрүүл мэнд, спортын яамнаас дүгнэсэн. Хоол тэжээлийн дутлын хэмжээ 6 дахин буурсан ч чанарын асуудал, эрүүл хооллолтын асуудал дээр онцгой анхаарах шаардлага өнөөдөр тулгарч байгаа юм. Иймээс Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, өчигдрийн Засгийн хуралдаанаар оруулж баталлаа.

Хэдийгээр томоохон зорилт хэрэгжсэн ч хэд хэдэн шийдвэрлэх зорилтууд байсаар байна. 0-5 насны хүүхдүүдийн хувьд, энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэж Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тоо баримт өгүүлж байгаа юм. Тухайлбал, 0-5 насны хүүхдийн 10 гаруй хувь нь өсөлтийн дутагдалтай, 1,6 хувь нь тураалтай, 20-30 хувь А болон Д амин дэмийн дутагдалтай гэсэн үзүүлэлтүүд гарсан байна. 

Дээр нь 1990 оноос хойш Монгол Улс өөрийнхөө нутаг дэвсгэрт үйлдвэрлэдэг байсан органик бүтээгдэхүүн, түүхий эдийг үйлдвэрлэх нь тодорхой хэмжээгээр багассан. Гадаадаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн. Ингэснээр стандарт хэмжээнээс илүүдэл элсэн чихэр, давс, тослог агуулсан бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж байна гэсэн судалгааг судлаачид хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын 50 гаруй хувь нь илүүдэл жинтэй байгаагийн зэрэгцээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөлийн асуудал хөндөгдөх болсон. Дээр нь нэг хүнд ногдох жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ олон улсын стандартын хэмжээнд хүрэхгүй байна. Хоол хүнсний хэмжээнээс өнөө цагт чанарт анхаарах нь чухал байгаа тул хөтөлбөрийг баталж, жил бүр энэ асуудлаар ямар ажил хийж хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо. Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт суулгахыг Сангийн сайдад даалгасан" гэж мэдээлэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ