Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхийг хориглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ө.Энхтүвшин нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
УИХ-аас 1996 онд баталсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж хуульчлагдсан ч Төв банкны бие даасан, хараат бус байдлыг олон улсад тогтсон индекс үзүүлэлтээр тооцоход дунджаар 0.5 буюу 50 хувьтай “хангалтгүй” гэсэн үзүүлэлт гарчээ. Монголбанкны бие даасан, хараат бус байдал хангалтгүй, мөнгөний алдаатай бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь үнэ, ханшийн тогтворгүй байдал, улсын өрийн дарамт, гадаад валютын хомсдол, улс орны эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
УИХ-ын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, 2017 оны 11, 43 дугаар тогтоолд “Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглал, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэж заасны зэрэгцээ ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үндсэн нөхцөл, болзолыг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж. УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөл, болзлыг хангах асуудлын хүрээнд Монголбанкны хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, Төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ.
- Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хяналт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэх;
- Хоёрдугаарт, Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох;
- Гуравдугаарт, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавих шаардлага, шалгуурыг нэмэгдүүлэх, хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх;
- Дөрөвдүгээрт, УИХ-аас тодорхойлж, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлогын зорилтыг үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж, үйл ажиллагааны чиглэл, мөнгөний бодлогын хэрэгслийг нэмэгдүүлэх зэрэг аж.
Түүнчлэн өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар төв банк босоо тогтолцоотой, ерөнхийлөгч бүх шийдвэрийг гаргаж байгаа бол үүнийг өөрчилж, хамтын удирдлага, шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Мөн Төв банкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” тэргүүтэй аливаа төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, цаашлаад бүр зогсоох, Монголбанкны үйл ажиллагааны гол зорилт нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэмээн төсөлд тусгаад байгаа.
Арилжааны зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоосноос хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь илүү оновчтой, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй байх магадлал өндөр гэдгийг байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлаж байв. Мөн хуулийн төсөл баталснаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал, сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзжээ.
Арилжааны зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоосноос хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь илүү оновчтой, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй байх магадлал өндөр гэдгийг байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлаж байв. Мөн хуулийн төсөл баталснаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал, сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжив. Мөн Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан ажиллахаар боллоо.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ