Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-29 09:51:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ хэмээн өнөөдөр өглөө Японы хэвлэл мэдээллээр шуугиж эхэллээ.

Сумо бөхийг 30 жил сурвалжилсан ахмад сэтгүүлч Ёконо Рэйко, "Харүмафүжи өөрөө зодог тайлах шийдвэр гаргасан, тэрбээр сэтгэл зүйн хувьд хүнд дарамтыг дийлэхээ байсан. Ялангуяа Ханэда нисэх буудалд буух үед нь гэмт хэрэгтэн мэт гэрэл зурагчид зургийг нь авч гүйлдэж буйг хараад ямар хэрэг хийснээ ойлгосон байх. Дараа нь Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо хатуу шийтгэл онооно гэснийг сонсоод зодог тайлах" шийдвэр гаргасан боловуу" гэжээ.

Мөн Харүмафүжиг дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн “Өчигдөр шөнө 1 цагийн орчимд Харүмафүжи утасдаж, зодог тайлна гэдгээ хэлсэн. Тэр үнэхээр ядарлаа. Сэтгэл зүй дийлэхгүй нь” гэж ярьсан талаар сумо бөхийн спортын тухай олон жил бичиж байгаа Монголын спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ өөрийн сайтдаа мэдээлжээ.

Дашрамд дуулгахад, Мэргэжлийн сумогийн ертөнцийг доргиож байгаа “Харүмафүжи, Таканоива” нарын асуудал Кюүшюү башё дууссаны дараа нэлээд эрчимтэй шийдэгдэж эхлээд байна. Өчигдөр өглөөний 9 цаг хагаст Тоттори мужийн нэгэн зочид буудалд цагдаагийн ажилтнуудад мэдүүлэг өгөхөөр орсон Их аварга Хакүхо М.Даваажаргалыг гарч ирэхэд 16 цаг болж байв. Тэрбээр, долоон цаг хагасын турш маш урт байцаалт болсон нь Цагдаагийн газар ч энэ асуудалд их анхаарал хандуулж буйг  илтгэж байна. Хакүхо сэтгүүлчдэд "Өөрийн мэдэх, харсан бүхнээ хэллээ. Цаашид Цагдаагийн газар, Сумогийн холбоо ямар шийд гаргахыг хүлээнэ” гэжээ.

Ёкозүна Харүмафүжи маэгашира Таканоиваг зодсон хэрэг болсон үдэш их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү, сэкивакэ Тэрүнофүжи нар хамт байсан юм. Тиймээс ч Цагдаагийн газар энэ өдөр, Ёкозүна Какүрюү М.Анандаас бас таван цаг хэртэй мэдүүлэг авчээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ