Булган аймагт зудын эрсдэл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-28 16:45:54
Булган /МОНЦАМЭ/ Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдлийн байдлаар Булган аймаг зудын хамгийн их эрсдэлтэй гэж дүгнэгджээ.
Булган аймгийн нутгаар сүүлийн хоёр хоногт зарим нутгаар цас орж, цасны зузаан 5 см хүртэл нэмэгдсэн байна.
-Аймгийн нутаг дэвсгэрийн зүүн тал их цастай байна. Сэлэнгэ, Хангал, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумын ихэнх, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумын хойд тал, Бугат, Орхон сумын зүүн талын нутагт цас 20 см-ээс дээш, Булган сум, Бугат сумын төв хэсэг, Хутаг-Өндөр сумын зүүн тал, Гурванбулаг сумын ихэнх нутгаар 10-19 см зузаан байна гэж өнөө өглөөний хэмжилтээр гарсан гэж аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Жаргалсайхан ярилаа.
Харин Баян-Агт, Хутаг-Өндөр суманд цас унаагүй байгаа аж.
Тус аймгийн ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь хадлан бэлтгэх боломж бага, мал тарга хүч дутуу авсан, бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн зэргээс зудын эрсдэл хамгийн их байгаа гэж мэргэжлийн байгууллага үзсэн байна. Ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас унахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн байна. Энэ төлөвөөр бол зудын эрсдэл улам нэмэгдэж магадгүй ажээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ