Сурагчид Монгол Улсын иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-27 14:00:53
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улс тунхагласны 93 жилийн ойн өдрийг тохиолдуулан 150 сурагч Монгол Улсын иргэний андгай тангараг өргөж, иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.
Энэ үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дэргэдэх “Инээмсэглэл” дугуйлангийн сурагчид Монгол Улсын Төрийн дуулал болон “Арван зургаан нас” дууг дуулж, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч Д.Нямдолгор “Та Монгол Улсын эзэн”, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Д.Анхбаяр “Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавилаа.
Жил бүр Улс тунхагласны баярын өдрөөр Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөх, төр түмнээ эрхэмлэн дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулж хэвшээд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ