ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчид Пхеньянд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-27 11:39:32

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийхээр ням гарагт Пхеньян руу мордсон ба энэхүү айлчлалын үеэр Оросын парламентын гишүүд БНАСАУ-ын Ардын дээд хурал болон Хөдөлмөрийн намын Төв хорооны удирдлагатай уулзахаар төлөвлөж байгаа юм гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

БНАСАУ-ын парламенттай “найрсгаар харилцах бүлэг”-ийн зохицуулагч, ОХУ-ын Коммунист намын парламентын бүлгийн депутат Казбек Тайсаев тэргүүтэй Төрийн Думын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын бүх намын депутатууд багтсан байна. 
 
Төрийн Думын төлөөлөгчид Умард Солонгосын үйлдвэрийн газар, сургалтын төвүүдэд зочлох ба ОХУ-ын элчин сайдын яаманд хэд хэдэн уулзалт зохион байгуулах ажээ. Айлчлалын үеэр бид БНАСАУ-ын төлөөлөгчидтэй Солонгосын хойгийг тайван замаар цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох асуудлыг хэлэлцэх бодолтой байна гэж Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Алексей Чепа мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа

Холбоотой мэдээ