МСҮТ-ийнхөн "Чимээгүй тахал"-ын эсрэг хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-23 19:08:42
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь “Булганхангай” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/ дэлхий нийтээр чимээгүй тахал хэмээгдэж байгаа чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт багш, ажиллагсдынхаа цусан дахь сахарын хэмжээ, элэг, бөөрний үйл ажиллагааг нэгдсэн эмнэлгийн нарийн шинжилгээгээр тодорхойлуулж, “Цагаан-Уул” эмнэлгээр эхо оношилгоо хийлгэсэн байна.
Мөн биеийн жингийн индексийг тодорхойлуулж, таргалалтын зэргийг тогтоолгон, аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, нэгдсэн эмнэлгийн эмч нараар “Чихрийн шижингээс урьдчилан сэргийлье” сургалт, зөвлөгөө хийлгэжээ.
Тус МСҮТ чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийн үеэр биеийн тамир спортоор хичээллэх зорилгоор ижил төрлийн сургуулийн хооронд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Тус тэмцээнд П.Энхтөр ахлагчтай Орхон аймгийн МСҮТ-ийн баг тэргүүн байр, Х.Батхишиг ахлагчтай Булган аймаг дахь МСҮТ-ийн баг тамирчид дэд байр, Э.Нямдорж ахлагчтай Булган аймаг дахь ХАА-н МСҮТ-ийн баг тамирчид гутгаар байрыг тус тус эзэлжээ. 
М.Батжаргал
Холбоотой мэдээ