АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд “Хүлээж авах нь зүйтэй” гэдэгт нэгдсэн байр суурьт хүрчээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээллээ. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Өршөөлийн тухай хуульд өөрчлөлт орох гэнэ. Мөн хоригтой холбоотой 160 хүний асуудал яригдах аж. Эдгээрийн дийлэнх олонхи нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчид юм байна.
Мөн энэ хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл хийжээ. Бүлэг сайдад нэр дэвшсэн гишүүдийг бүгдийг дэмжсэн байна. Харин "Ээлжит бус чуулган нь хууль бус юм биш үү, хууль зөрчин зарласан уу" гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын дарга гадаад руу явахын өмнө ээлжит бус чуулган зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэр дагуу УИХ-ын дэд дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Хууль зөрчсөн зүйл болоогүй” гэсэн тайлбар хийв.
Б.Туул
Сэтгэгдлүүд