Өнөөдөр дэлхий даяар "Хүүхдийн өдөр"-ийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-11-20 13:28:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр Хүүхдийн өдрийг дэлхий даяар анх удаа тэмдэглэж байна. 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци батлагдсан бөгөөд энэ жилээс эхлэн дэлхийн улс орнууд тэмдэглэж байхаар уриалсан юм. Энэхүү уриалгад дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
 
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсч, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний үйл ажиллагаа, санал санаачилга өрнөж байна. Тухайлбал, өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 150 гаруй хүүхэд оролцсон арга хэмжээнд дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд дэлхийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн нэрийн өмнөөс дуу хоолойгоо өргөх юм.
 
Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч, алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм хүүхдүүдтэй ярилцаж, дэлхийн нийтийн асуудлаарх тэдний үзэл бодлыг сонсч буй видеог олны хүртээл болгов.
 
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас эл өдрийг танилцуулах хүрээнд монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа юм. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолсон. Монгол Улсад зуны улирлаас өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит, астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэхээс гадна утаа нь эхийн хэвлий дэх хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолж байна. Тиймээс агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас онцлов.

Ж.Болор
 
 
 
 
Холбоотой мэдээ