П.Дамба: Адилхан ус байдаггүй гэдэг үнэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-19 23:02:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын иргэн Пүрэвсүрэнгийн Дамбатай уулзаж ярилцлаа. Тэрээр төрийн албанд 50 шахам жил ажиллаж, тракторчин, түргэн тусламжийн машины жолооч, механик, сум, агентлагийн дарга, аймгийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаал хашиж явсан юм. Ажил албаныхаа хажуугаар хэд хэдэн ном бичсэн байдаг. Түүний “Хануйн олон рашаан” ном болоод Баян-Агт сумын алдартай рашааны сонин содон зүйлийн тухай ярилцсан юм.
- Та рашаан усыг нэлээд судалсан юм шиг санагдлаа?
-Булган аймгийн нутаг дэвсгэрт рашаан төст ангилалд багтсан 32-33 рашаан химийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Түүний бараг бүгдийг нь шахуу дахин дээжийг шинжилгээнд өгч үзсэн. Хоорондоо ойролцоо бүтэцтэй рашаан ч бий. Рашаан тус бүр 20 гаруй химийн элемент агуулсан хүйтэн булгийн уснууд байгаа юм.
Гэхдээ хоорондоо яг адилхан ус нэг ч байхгүй. Ямар нэгэн хэмжээгээр элементүүдийнх нь найрлагаа бүтэц ялгаатай байдаг. Ер нь дэлхийд хоорондоо адилхан ус байдаггүй гэдэг үнэн юм гэдгийг ойлгосон. Нэг чулууны хоёр талаар урсаж байгаа ус ямар нэгэн хэмжээгээр бүтэц нь өөр байдаг юм билээ.
-Хануйн 108 рашаан гэж алдаршсан. Сүүлийн үед амрагчид их зорих болсон. Яг 108 рашаантай юу?
-Миний төрсөн нутаг. Аав ээж маань тэр нутгийн хүмүүс. Аав ээжээсээ энэ рашааны талаар хуучин түүхчилсэн янз бүрийн юм сонсож хадгалсан цуглуулсан зүйл байсан.
Хануйн голд Наранбулагийн рашаан, Эмгэн булагийн рашаан гэж хоёр том рашаан байгаа юм л даа. Ард түмэн гол төлөв илүү хэрэглэдэг. Хоорондоо 50-60 км зайтай рашаанууд. Хоёр рашааны хооронд нь 100 гаруй булгууд Хануйн голын хойд болон урд талаас урсаж орсон байдаг юм. Тэрнийгээ бэлгэдэл гэж маягаар 108 рашаан гэж ярьсаар ирсэн юм билээ. Одоо нэр нь өөрчлөгдөөд дээд талынх нь Хануй, доод талынхыг нь Цагаан голын рашаан гэж ярьдаг болсон.
-Эдгээр рашааныг хэдий үеэс судалж үзсэн бол. Эмчлэх, илааршуулах увидасыг нь яаж илрүүлсэн тухай түүх, хууч байдаг биз?
-Хамгийн анхны судалгааг өндөр гэгээн Занабазар, цахар гэвш Лувсанчүлтэм нарын 20-иод том маарамба лам нар ирж, сар гаруй судалж шинжилж, хаяг нэр тогтоож, овоог равнайлж амилуулсан гэж ярьдаг юм билээ. Тэр үедээ шашны ёслол хийж, нутаг орныхон даган баяссан томоохон наадам цэнгээн болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн.
-“Хануйн олон рашаан” ном бичих болсон санаа юу байв?
-Хануйн рашааныг гол төлөв гүнзгийрүүлж судлах сонирхолтой байсан. Энэ номыг бичих болсон шалтгаан аавынхаа дурсгалд зориулсан ном бүтээе гэж бодсон. Аав маань “энэ рашааны тухай бичсэн ном байдаг бол цуглуулаач” гэж байсан юм. Хоёрдугаарт сүүлийн үед Хануйн рашаанд маш их олон хүмүүс очдог болсон. Очихдоо рашаан ус гэдгийг ойлгож очиж байгаа хүн тун цөөхөн. Зүгээр очоод амралт ёслолын журмаар юм уу сайн юм гэнэ лээ гээд баахан ууж байгаад явдаг болсон. Зорьсон зорилгодоо хүрч чадахгүй зүгээр нэг зугаа цэнгэлийн маягаар хандаж, рашаан уух арга зүйгээ мэддэггүй, яаж уух ёстой юм, хэдий хэмжээнд уух хэрэгтэй байдаг, цаг хугацаа хэдийд байх ёстой юм гэдгээ анзаарахгүй баахан ууж байгаад л явдаг. Нөгөө талаар байгаль орчин маш их бохирдуулдаг. Арай дэндүү муухай болгож бохирдуулдаг зүйл ажиглагдаад болохгүй байсан. Энэ шалтгааны үндсэн дээр энэ рашааныг уух ёстой дэг журам гэж байдаг юм байна гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон. Рашааны судалгаа шинжилгээнд хамрагдсан байдал, хуучин ууж байсан хэмжээ, дэг, цаг хугацаа ямар байсныг нь хүмүүст хүргэх, нөгөө талаар онгон дагшин байгаль тэнгэрийн заяатай нутаг ус болохоор хүний сүсэг бишрэлтэй холбож хамгаалах талаар юм хийхсэн гэсэн бодлын үүднээс энэ номыг бичсэн.
-Хануйн рашааныг ууж байсан дээр үеийн баримт байдаг уу?
-Хануйн рашааныг дээр үеэсээ дээдсийн рашаан гэж нэрлэдэг. Үндсэндээ Чингисийн угсааны ноёд тайж нар уудаг рашаан гэж байсан юм билээ. Энгийн харц ардуудыг ялангуяа Эмгэн булагийн рашаанд очуулдаггүй тэндээс уухыг хориглож байсан цаг үе ч байсан гэдэг. Тэр нь сүүлийн үед өөрчлөгдсөн л дөө. Тэгэхдээ л харц, язгууртны хэсэг гэсэн хоёр хэсэгтэй дундаас нь доош малчин ардууд уудаг, урсгалын дээд хэсэгт ноёд тайж нь уудаг ийм жаяг байсан юм билээ. Бас дээр үеийн бөө, илээч бариач нар тэнд цуглаж эрдэм чадлаа үздэг байж. Орхимжоо норгоод хатаадаг, алганы хонхортоо ус хийгээд хэн нь түрүүлж хатаах нь вэ, хэнд нь энэ рашаан илүү үйлчлэлтэй байна вэ хэнийх нь тарнийн хүч чадал их байна вэ гэдгийг үздэг тийм уралдаан тэмцээн маягийн юм зохиодог байсан хууч яриа бий. Сүүлийн үеийн шарын шашны том лам нар цуглаж нууц тарнийн ид шидээр рашааны үйлчлэлийг янз бүр болгож өрсөлддөг байсан гэдэг.
-Рашаануудын хувьд үйлчлэл нь өөр өөр байдаг. Хануйн рашааны онцлог юу байдаг вэ?
-Хануйн рашааныг дээр үед мэдрэлийн чиглэлийн өвчлөлд голдуу хэрэглэж байсан тухай түүхчилсэн зүйл байдаг. Олон хүн ууж эдгэдэг байсан. Мэдрэлийн согогтой хүүхэд хүртэл уугаад илааршдаг, нуруу нугасны мэдрэлийн судас дарагдсан ч юм уу хөл гар мэдээгүй, хөрдөг даардаг болсон тийм хүмүүс ууж үр дүнд хүрч байсан юм билээ.
Эмгэн булагийн буюу одоо Цагаан гол гэж яриад байгаа рашааныг бол гол төлөв дотрын чиглэлээр уудаг байсан. Таван цул, зургаан сав эрхтэний аль ч өвчлөлд тохирдог рашаан ус гэсэн дүгнэлтүүд хийсэн байдаг юм.
1960-аад онд Булган аймагт шар өвчний дэгдэлт замаа алдсан л даа. Тэр үед эмнэлгүүд өвчтөнөө багтаахаа болиод эмч нар Эмгэн булагийн рашааныг шар өвчинд сайн юм гэж үзсэн. Тэгээд энэ рашааныг машинаар зөөж уулгасан байдаг. Тэрнээс уусан хүмүүс маш түргэн илааршиж шарын халдвар нь алга болж,  7-8 хоног уугаад эдгээд байсан гэдэг. Тэрнээс хойш уусан хүмүүсийн ам дамжсан яриагаар элэг цөсний рашаан гэж нэрлэчихээд байгаа юм. Уг нь цул эрхтэн, сав эрхтэний рашаан гэж үздэг.
-Та рашаан уух дэгийн тухай яриа гаргасан. Яаж уух хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Рашааныг яаж уух ёстойг хүмүүс мэдэх хэрэгтэй байгаа юм. Ус гэж өөрөө юу юм бэ гэдгийг сайн ойлгуулмаар байна. Ус гэдэг амьтай зүйл. Асар том ой санамжтай, мэдээлэл дамжуулдаг, цуглуулдаг, хадгалдаг. Тэгээд усыг магтаад ерөөгөөд байвал бүтэц нь сайжраад, идэвхжээд, цэнэгжээд, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд байдаг зүйл. Дээр үед настайчууд рашаанд орохдоо тасралтгүй мэгзэм тарни уншдаг байсан. Тэр  нь бодвол усныхаа хүчийг сайжруулж, өөрийнхөө биед сайн үйлчлүүлэхийн төлөө хийж байсан үйлдэл болов уу гэж бодогддог юм.
"Муу хүнтэй цай бүү уу", "Ээжийн чанасан цай" гэж яриад байдаг чинь ерөөсөө сэтгэл дагасан усны бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм уу гэж үздэг.
Энэ үүднээсээ рашаан усанд орж байгаа хүмүүс мэгзэм тарниа уншаад мэддэггүй бол зүгээр сайхан магтаад энэ бол сайхан рашаан ус шүү, энийг уугаад эдгэнэ гэж хүртвэл их зүгээр байгаа юм даа. Тэгээд дэгээр нь багаас эхлээд дундуур нь ихэсгээд, сүүл рүү нь багасгах байдлаар хэмжээгээ баримтлаад уувал сайн. Хүмүүс 2-3 хоночихоод л рашаан уучихлаа л гэдэг. Яахав дээ 2-3 хоног цэнгэг ус уухад хүний бие цэвэршээд л бохир нь ялгараад л сайхан л болох байх. Ер нь зохимжтой хугацаа 14-21 хоног байдаг бололтой юм билээ. Тэгээд хүйтэн рашааныг арвай хэлбэрээр ууна гэдэг дэг байдаг. Тэгээд гам  баримталж чадвал үр дүн өгдөг.
-Арвай дэг гэдгийг яаж ойлгох вэ?
-Арвай дэг буюу схем гэдэг багаар эхлээд дундуур нь ихэсгээд төгсгөл рүү багасгаад дуусгадаг. Өөрөөр хэлбэл арвай хэлбэртэй гэсэн үг. Арвай будаа хоёр үзүүр нь нарийхан шүү дээ. Өдөрт 750 граммаас нэг литр рашаан ууж эхлээд уух хугацааныхаа дундуур өдөрт 2,5-3,0 литр орчим болгоод төгсгөл рүү буулгаад л дуусах учиртай байдаг.
- Ярилцсан танд баярлалаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ