Хятадын уламжлалт анагаах ухаан чихрийн шижин өвчнийг эмчлэх олон улсын стандартыг хангав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-18 19:19:27
Бээжин /МОНЦАМЭ/.Энэ сарын 14-нд Хятадын уламжлалт анагаах ухааны академийн тэргүүн, эрдэмтэн судлаач Тун Шиаолинь өөрийн багийн судлаачдын хамт эрхлэн гаргасан "Хятадын уламжлалт анагаах ухааны чихрийн шижин өвчнийг анагаах гарын авлага" номныхоо албан ёсны нээлтийг хийж,  Хятад улсын уламжлалт анагаах ухаан чихрийн шижин өвчнийг анагаах олон улсын стандартыг хангасныг албан ёсоор зарлалаа. Энэ ном нь Дэлхийн Хятадын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн анхны олон улсын хэмжээний тусгай өвчний гарын авлага юм.
Ном бүтээсэн эрдэмтдийн багт 13 улсын болон бүс нутгийн Хятад уламжлалт анагаах ухааны эрдэмтдийн баг, чихрийн шижин өвчнөөр дагнасан эрдэмтэн судлаачид оролцсон ба өнгөрсөн сард Дэлхийн Хятадын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн төлөөлөгчдийн 4 дүгээр хурлаар уг номыг хэлэлцүүлэн  баталжээ.
Хурлын үеэр эрдэмтэн судлаач Тун Шиаолинь: “Уг ном нь дэлхийн олон улс орон, бүс нутгийн эмч нарт чухал ач холбогдолтой гарын авлага болж, Хятадын уламжлалт анагаах ухааны дотоодын стандарт олон улсын стандартад хүрэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхий дээрх мянга мянган чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа хүмүүст ихээхэн ач тусаа өгнө хэмээн итгэж байна”  гэв.
Одоогоор олон улсын 7 стандартыг батлаад байна.
 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ