ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийн булан нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-16 18:28:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын 13 соёлын биет бус өвийн Батламжийг гардуулах, биет бус өвийн нэрэмжит булангийн нээлтийн ёслол өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад боллоо.

Энэхүү өвийн Батламжийг БСШУСЯ, Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв болон Монголын үндэсний урлагийн зөвлөлийн удирдлагууд хүрэлцэн ирж, ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа тэргүүтэй чуулгын уран сайхны зөвлөлд гардуулав.

“Манай чуулгынхан түүхт 85 жилийн ойн босгон дээр ийнхүү ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн Батламжийг цогцоор нь хүлээн авсан Монголын анхны урлагийн байгууллага болсондоо маш их бэлгэшээхийн сацуу хариуцлага дагалдан ирж буйг ойлгож байна” хэмээн тус чуулгын дарга, хурандаа Г.Золзаяа хэллээ.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, "ЦДБЭЧ-ынхантай хамтран тухайн үед Монголдоо төдийгүй гадаадад дуулиан болж байсан “Чингис хаан” рок дуурийг хийж байсан таатай дурсамжаа хуучлаад, энэхүү Батламжийг хүлээн авсан нь чуулгын уран бүтээлээр монголын уламжлалт зан үйл, соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар соёлын элч болох үйлсэд нь урам хайрласан явдал боллоо” гэв.

Дашрамд дурдахад, Монгол Улсын ЮНЕСКО-д бүртгүүлсэн Бий биелгээ, Ботго авахуулах зан үйл, Хөөмэйн урлаг, Лимбэний битүү амьсгал, Морин хуур, Шагайн харваа, Цуур хөгжим, Тууль, Уртын дуу, Монгол наадам төрөл нь ЦДБЭЧ-ын уран бүтээлд зохих байр сууриа эзэлдэг байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ