“Тэгш боломж бодит оролцоо” сэдэвт аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-15 21:41:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Тэгш боломж бодит оролцоо” сэдэвт аян өрнүүлж эхэллээ.
Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд түшиглэн хөгжүүлэх зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулах, боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэнд, урлаг соёлын зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтэц стандартын шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт үнэлгээ хийж дүгнэл гаргах гэнэ.
Тус аймгийн хэмжээнд 5553 хөдөлмөрийн насны, 573 хүүхэд нийт 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд 73 иргэн төрийн болон бусад аж ахуйн нэгжүүдэд тогтмол хөдөлмөр эрхэлдэг ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ