НИТХ есөн тэргүүлэгчтэй ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-15 13:34:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын 12 дугаар хуралдаан Хангарди ордонд хаалттай хуралдаж байна.
Хуралдаанаар "НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг асуудалд НИТХ-ын тэргүүлэгчийн 11 суудлын есийг НИТХ дахь МАН, хоёрыг АН-д өгөхөөр заасан. Гэвч АН-ын бүлэг гурван суудал авах ёстой хэмээн үзэж байгаа юм.
Хуралдааны завсарлагааны үеэр НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуунаас хэлэлцэж буй асуудлын талаар тодруулахад, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “НИТХ-ын тэргүүлэгч 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байж болно” гэж заасан. Хуульд тэргүүлэгчдийг НИТХ дахь бүх нам, эвслийн бүлгээс томилох ёстой гэсэн заалт байхгүй. Гэхдээ бид цөөнхийн дуу хоолойг шийдвэр гаргах явцад хүргэх зорилгоор тэргүүлэгчдийг 11 байхаар тогтож, АН-ын бүлэгт хоёр суудал өгөх болсон юм. Гэтэл АН-ын бүлэг бидний саналыг хүлээж авахгүй байгаа тул есөн төлөөлөгчтэй байхаар тогтож, санал хураалт явуулах болсон. Түүнчлэн цаашдаа АН хоёр тэргүүлэгчээ томилох боломжтой” гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ