Арвайхээрийн ахмадуудад тухтай өвөлжихөд нь зориулж дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-12 15:45:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Ахмадаа дээдлэх жил”-ийн хүрээнд аймгийн болон Арвайхээр сумын удирдлагуудаас ахмадуудын өвөлжилтөнд онцгой анхаарч байна.
Тухайлбал аймгийн Баянтээг ХК, Тээвэрчдийн холбоотой хамтран Арвайхээр сумын 55-аас дээш насны 2500 гаруй ахмадад тус бүр 10 шуудай нүүрс үнэ төлбөргүй олголоо. Мөнгөн дүнгээр 150 гаруй сая төгрөг болох уг хөрөнгө оруулалтыг аймгийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ өгч байгаа бөгөөд хүйтний эрч чангарч цас их орж байгаа энэ үед бэлэн мөнгөгүй, тэтгэврийн зээлтэй хөгшчүүдэд томоохон тусламж дэмжлэг болно гэдгийг ахмадууд талархан хэлж байв. Нүүрс олгох ажлыг багийн Засаг даргын ажлын албанаас зохион байгууллаа.
Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн дулаан баригч төхөөрөмжийг яндангийн хамт Арвайхээр сумын 11 багийн 110 ахмад настанд гардуулаад байна. Гэрийн зууханд тавьж ашигладаг уг төхөөрөмж нь нүүрсний шаталтыг зохицуулж, халаах талбайг нэмэгдүүлдэг бөгөөд үр дүнд нь өрхийн эдийн засгийг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох юм.
Төхөөрөмж нь тус бүр 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй ч Байгаль хамгаалах сан болон Орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж, ахмадуудад үнэгүй олгоод байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ