Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ойг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ойг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 117 тоот тогтоол гарсан аж. Мөн ойн баярын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бекжанаар ахлуулан байгуулжээ.
Зохион байгуулах комиссоос өгсөн мэдээллээр ойн баярын хүрээнд яруу найрагчийн "Яргуй", "Дэлгэр цаг", "Зэв", "Баяртай, хавар минь" номд орсон бүтээлүүдийг эмхтгэсэн шинэ номын нээлт, яруу найргийн уралдаан, уран уншлага, харилцаа дууны тэмцээн, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах ажээ.
Ж.Какей нь 1947 онд Баян-Өлгий аймгийн Булган сумд төрсөн бөгөөд Монголын казахуудын орчин цагийн уран зохиолын тэргүүн эгнээний төлөөлөгч юм. Тэрээр казах, монгол хэлээр хэд хэдэн шүлгийн номоо уншигчдын хүртээл болгож байжээ. Мөн Ч.Чимэд, Б.Явуухулан, Д.Нямаа, М.Цэрэндорж нарын бүтээлээс казах хэлнээ орчуулжээ. Иргэний уянгын шүлгээс гадна шог хошин шүлэг бичиж, казахын ард түмний "айтыс" буюу харилцаа дууны урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Түүний бүтээлүүд "Монгол уран зохиолын дээж" цувралын 98 дугаар боть, "Булганы уянга", "Ховд голын долгио", "Сансрын дуулал", "Цаст Алтайн уянга", "Жаран жилийн жавхаа" зэрэг эмхтгэлүүдэд оржээ.
Монгол хэлээр гарсан хоёр дахь ном нь болох "Диваажинд залрах нууц"-ыг түүнийг тэнгэрт хальсан хойно нь хэвлүүлсэн ажээ.
Ж.Какей 1993 онд Улаанбаатараас Өлгий хотын чиглэлд ниссэн зорчигч тээврийн АН-24 онгоц Марз ууланд сүйрэхэд амь үрэгдсэн юм.
Ө.Нурболат