МАН XXVIII Их хурлын төлөөлөгчдийг сонгож дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Ардын намын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох ажил өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд орон даяар амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тус намын журамд заасны дагуу төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгожээ. Анхан шатны байгууллагаас ирүүлсэн Их хурлын төлөөлөгчдөд түр үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг Удирдах Зөвлөлд хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар МАН-д 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байдаг гэсэн тоо бий. Түүнчлэн нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байна.
Энэ сарын 20-22-ны өдрүүдэд болох XXVIII Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцоно.
Б.Туул