“Зохиолч уншигчдын уулзалт”-д яруу найрагч Д.Цоодолыг урьж оролцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-06 21:54:21
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сангаас өнөөдөр “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэ удаад Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодолыг урьсан байна. Уулзалтад соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Жамц, зохиолч, сэтгүүлч С.Бараанасан болон чөлөөт уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн яруу найраг, утга зохиол сонирхдог сурагчид оролцлоо.

МУГЗ, яруу найрагч Д.Цоодол уулзалтын эхэнд “Мартчихаасаа өмнө хэлье. Номноос битгий хөндийрч үзээрэй, номун бичгийг битгий мартаарай. Ном бол зүгээр нэг мэргэн цэцэн болгодог биш, зүгээр нэг төрөлх хэлний сайн хэллэг олгодог биш, зүгээр нэг ертөнцийг нээдэг юм биш. Ер нь ном уншиж байж хүн болдог юм шүү” гэдгийг захиж хэлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Би анхны номоо 25 настайдаа буюу 1970 онд гаргаж байлаа. Одоогоор 40-өөд номтой байна. Үүнээс яруу найргийн 10-аад ном, үргэлжилсэн үгийн 10 гаруй ном, орчуулгын 20-иод номтой болжээ” хэмээн хэлээд залуу уран бүтээлчдэд авьяас хэнд ч байж болдог, сайн хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.  

Зохиолч, уншигчдын уулзалтын үеэр Д.Цоодол залууст өөрийн үлгэр жишээ болохуйц дурсамжуудаасаа хуваалцаж, Монголын утга зохиолын түүхэн хөгжлийн дэвшлүүдийг сонирхолтойгоор ярьж өглөө. Мөн яруу найраг сонирхдог сурагчид өөрсдийн шүлгээсээ уншиж, нөхөрсөг зөвлөгөө авсан юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ