УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-13 21:48:31

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цаг сунгаж хуралдав.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны өмнө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн 18.1.2.в, 29.1.1.д дэх дэд заалтыг хүчингүй болгож, орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн сан байгуулах, уг сангийн эх үүсвэр, зориулалтыг тогтоох, сангийн хөрөнгийн зарцуулалтын журам, тайланг батлах талаарх сум, дүүргийн Хурлын бүрэн эрх, орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн санг бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах талаарх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хасахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон нутгийн төсвийн бус орлогоор бүрдүүлж, хяналтаас гадуур зарцуулж байсан орон нутгийн хөгжлийн сангуудыг татан буулгаж, тэдгээр санд орж байсан төсвийн бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг болно. Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсвийн зарцуулалтад тавих хяналт сайжирна гэж үзэж байна.

Иймээс чуулганы хуралдаанаар авч хэлэлцэхэд асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Б.Туул

Холбоотой мэдээ