НҮБ-ын төлөөлөгчид өвөлжилтийн бэлтгэлийн талаар судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-03 11:17:50
Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ром дахь Даян дэлхийн эрт зарлан мэдээлэх төвийн есдүгээр сарын самбар дээр Монголд өнгөрсөн зун гандуу байснаас ургац алдсан, хүнс тэжээлээр дутагдах магадлал өндөр, өвөлжилт хүндхэн болно гэсэн мэдээллийг зарласан байна. Үүнтэй холбоотойгоор Даян дэлхийн эрт зарлан мэдээлэх төвийн эдийн засгийн мэргэжилтэн, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтан Архангай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга болон ХХААГ-ынхантай уулзав.

Тэд голдуу газар тариалангийн бүс нутаг ялангуяа Өвөрхангай, Архангай, Булган аймгуудаар явж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, өвөлдөө зудын эрсдэлд орлоо гэхэд ямар зохицуулалтыг хийхээр аймаг орон нутаг ажиллаж байгаа, эмзэг бүлгийнхэнд хандсан ямар ажлууд хийж байгаа, юу дутагдахаар байгаа, отор нүүдэл, мал, махны үнийн өсөлт, бууралт зэргийг судалж, мэдээлэл цуглуулж байгаа ажээ. Мэдээлэл цуглуулснаар хүмүүнлэгийн олон улсын байгууллагууд уг мэдээлэлд тулгуурлан эртнээс төсөл хөтөлбөрөө бичиж танилцуулан, тусламжийн зүйлсээ эрт нөөцөлж төвлөрүүлэн, цаг алдалгүй хүргэх боломжийг нээж өгч байгаа ажээ.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ