Усан сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-02 16:09:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм тогтоох тухай” А-230/127 тоот хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх ажил аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 455 тоот захирамжаар  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ховд голын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг өнгөрсөн сарын 12-25-ны хооронд бүх сумдад ажиллаж, хамгаалалтын бүс тогтоох ажилд санал авсан байна. Мөн Усны тухай хууль, "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн хориглолт ба хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ыг сурталчилжээ.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 456 булаг, 372 гол, 368 нуур, 30 рашаан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах хязгаар тогтоогоогүй иржээ. Үүний улмаас  усан сан бүхий газрын эргээс түгээмэл тархалттай ашигт малтмал хайх, олборлох, шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах, хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хогийн цэг үүсгэх зэрэг зөрчлүүд ихээр гардаг байна.

Дээрх ажлын хэсэг холбогдох байгууллагуудын судалгаа, орон нутгаас гаргасан саналыг үндэслэн усан сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох санал боловсруулах бөгөөд үүнийг сумдын ИТХ-аас хэлэлцэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллах юм.

Хамгаалалтын бүс тогтоох ажлыг 2017 онд багтаан дуусгахаар ажиллаж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ