Сири дэх террорист байгууллагуудыг ангилахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-13 13:59:21

МОСКВА. /SANA/. Удахгүй Вена хотод болох уулзалтын үеэр Сири дэх террорист байгууллагуудын тухай нэгдсэн жагсаалт гаргах тухай хэлэлцээр байгуулахыг ОХУ-ын Гадаад хэргийн яам уриалсан байна. Энэ нь улс төрийн хэлцээний урьдчилсан нөхцөл болохын зэрэгцээ Сирийн хямралыг зохицуулах арга зам болно гэж ОХУ үзэж байна гэжээ.

“Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хооронд улс төрийн яриа хэлцээ эхлүүлэх үндсэн суурийг тавихын төлөө ОХУ Сирид суугаа НҮБ-ын төлөөлөгч Ди Мистурагийн нэгэн адил ажиллаж байна. Эдгээр хүчин чармайлтын хүрээнд ОХУ Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт зохион байгуулсан” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.

Вена хотод болсон анхны уулзалтаар Сирийн ард иргэд өөрсдөө зорилгоо тодорхойлох ёстой гэдэгт санал нэгдсэн гэж Захарова дахин мэдэгдсэн нь сиричүүдийн өмнөөс өөр хэн ч шийдвэр гаргах ёсгүй гэдгийг тодотгож байна.

Мөн тэрбээр, Сирийн Засгийн газрын төлөөлөгчидтэй хамт хэлэлцээний ширээнд суух сөрөг хүчний төлөөлөгчдийг бүрдүүлэх болон Сири дэх террорист байгууллагуудыг ангилах нь ирэх бямба гарагт Венад болох уулзалтын үеэр хэлэлцэх үндсэн асуудал байх болно гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ