Обама олон улсад айлчилж, 4 форумд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-13 13:48:35

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама удахгүй хийх урт удаан айлчлалынхаа үеэр бусад орны удирдагчидтай хоёр талын найман уулзалт, олон талын гурван уулзалт хийнэ гэж түүний туслахууд болох Сюзен Райс, Бен Родс нар мэдээлжээ.

Обама олон улсын форумуудад оролцохоор 11 дүгээр сарын 14-нээс эхлэн Турк, Филиппин болон Малайзад айлчилна. Түүний айлчлал 11 дүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ. Туркт тэрбээр “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох бол Филиппинд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АНДЭЗХА/ дээд хэмжээний уулзалтад, Малайзад АНУ-АСЕАН /Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо/ болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Дээрх гурван оронд айлчлах үеэрээ Обама мэдээж хэрэг тус гурван орны удирдагчидтай уулзана. Тэрбээр мөн айлчлалынхаа үеэр Австрали болон Канадын шинэ Ерөнхий сайд нартай биечлэн танилцах боломжийг ашиглана. Үүнээс гадна, Обама Япон, Сингапур болон Лаосын удирдагчидтай хоёр талын уулзалт хийхээр товложээ.

Бен Родсын тодруулснаар, Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг даргалах үүргийг АНУ ирэх онд хүлээх учраас Обама Филиппинд айлчилж байгаа аж.

Обама Туркт Их Британи, Герман, Итали болон Францын түншүүдтэйгээ олон талын уулзалт хийнэ. Энд Сири, Иракт хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцлийн тухай мөн Украины байдал болон Орост хандах хандлагуудын талаар хэлэлцэх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Манилад очсон даруйдаа олон талын хоёр ч уулзалт хийнэ. Тэрбээр Номхон далай дамнасан түншлэл байгуулахад оролцож буй орнуудын болон АНДЭЗХА-ны гишүүн орнууд болон Колумб улс оролцдог Номхон далайн эвсэлд нэгдсэн орнуудын удирдагчидтай уулзана.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ