Сурагчид харуул, хамгаалалтын зориулалттай хийнд хордсон нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-26 20:46:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн сурагчид энэ сарын 24-ний өдөр амьсгал боогдуулагч ямар нэг бодисонд хордож, 13 хүүхэд нь эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаад сурагчдын олсон бортоготой зүйл нь иргэд болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын харуул, хамгаалалтын зориулалтаар ашигладаг тусгай хэрэгсэл болох нь тогтоогджээ. Харин ард иргэдийн дунд тарсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг тусгай хэрэгсэл байсан гэх мэдээлэл ташаа болохыг тус газраас албан ёсоор мэдэгдлээ.

Дээрх сурагчдын ашигласан гэх хэрэгсэл хэзээ, хаанаас алдагдсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна. Харин ахуйн хэрэглээний газ болон хамгаалалтын чиглэлээр иргэн, хувийн аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж буй амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагчийг зохих журмын дагуу ашиглахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг тусгай хэрэгсэл нь зориулалт, хамрах хүрээ, үйлчлэх хугацаа, хүчин чадлын хувьд харьцангуй өндөр түвшинд, тусгай захиалгаар үйлдвэрлэгдсэн байдаг аж.

 Ө.Нурболат

Холбоотой мэдээ