Настнуудаа баярлуулах аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-20 15:25:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Настнаа баярлуулъя” аяныг Баянхонгор сумын “Цахир” долдугаар багаас санаачилжээ. Аяндаа байгууллага бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа бөгөөд тус баг, сумын ЗДТГ хамтран аяныг өрнүүлж, ажлыг дүгнэхээр болсон байна.
Ахмадын сарыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өрнүүлж буй тус аянаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, сэтгэлийн дэм өгч, тулгамдсан асуудлыг илрүүлж шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой. Аян өнөөдрөөс  эхлээд, долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд аянд хамрагдах бөгөөд байгууллага бүр 1-3 өндөр настныг /хөгжлийн бэрхшээлтэй иргэн байж болно/ сонгож тус дэм болох юм. Тодруулбал, Хашаа цэвэрлэх, гэр дулаалах зэрэгт хүн хүчээр туслах, мод хөрөөдөх, хагалах, санхүүгийн болон биет тусламж, байнгын хэвтэрт байдаг иргэний орны гудас, хөнжил, эм боолт зэргийг сольж цэвэрлэх зэргээр туслах аж.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд зохион байгуулсан ажлын тайланг энэ сарын 30-ны дотор Баянхонгор сумын ЗДТГ-т хүлээн авах бөгөөд шилдгүүдийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр сурталчилна. 
                                                                                                                                                         Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ