“Ногоон ирээдүй” төсөл хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-19 15:42:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ирээдүй сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь аймгийн “Тогтвортой хөгжил хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичгийн хүрээнд “Ногоон ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн зорилго нь “Ирээдүй хойч үеийнхээ боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангах ногоон орчинг бүрдүүлэх” юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын хүрээнд өөрсдийн хэрэгцээнд суурилсан байгальд ээлтэй, нөөц баялгаа хэмнэж, эрүүл мэндээ хамгаалсан, бусдад нөлөөлж багаар ажиллах чадварт суралцах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

“Ногоон ирээдүй” төслийн эхлэл болгож цогцолборын багш ажилчид, 320 гаруй сурагч, цэцэрлэгийн 180 –иад хүүхэд тэдний эцэг эх асран хамгаалагчид оролцож сургуулийн гадна талбайд чацаргана, үхрийн нүдний бут суулгасан байна. 

Мөн хоол үйлдвэрлэлээрээ  өөрсдөө хийдэг сурагчийн үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдийн хоолонд өгч буй чацаргана, үхрийн нүдээр хийж баяжуулсан 30 гаруй нэр төрөл бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн гаргажээ.

Ийнхүү тус цогцолборынхон аймагтаа анхдагч жишиг ногоон байгууламжтай болохоор зорьж байгаа ажээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ